Гүйцэтгэлийг үнэлэх, удирдах аргачлалаа сонгохдоо анхаарах 4 зөвлөгөө

Гүйцэтгэлийг удирдах аргачлалууд Balanced Scorecard, OKR, MBO, Performance Prism бүгд л нэг зорилготой : байгууллагын нэгдсэн зорилгодоо хүрэхэд хамтын ажиллагааны синержи үүсгэж, үр дүнтэй хэрэгжүүлэх. Гэхдээ энд хоёр асуулт гарч ирдэг : Аль гүйцэтгэлийн удирдлагын аргачлалыг ашиглах вэ? Аргачлалыг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

Гүйцэтгэлийн удирдлагын сайн аргачлал нь байгууллагад хүссэн зорилгодоо хүрэх боломжийг олгодог бөгөөд олон төрлийн гүйцэтгэлийн удирдлагын аргачлалаас зөвийг сонгох нь бага зэрэг төвөгтэй процесс байдаг. Google зэрэг томоохон компаниудын хэрэгжүүлсэн аргачлалыг хэрэгжүүлэх гэж оролдох нь компанийн хэмжээ, цар хүрээ, соёл, бизнесийн онцлог мөн чанараас хамаараад үр дүн нь хүлээлтэнд хүрэхгүй байж болох юм.

Энэ нийтлэлээрээ танд өөрийн байгууллагад тохирох гүйцэтгэлийн удирдлагын аргачлалыг сонгоходоо анхаарах 4 зөвлөгөөг хүргэж байна.

 

Компанийн зорилго, зорилтуудтайгаа уялдуулах

Компанийн зорилго, зорилгыг ойлгох нь маш чухал бөгөөд энэ нь танд чиг баримжаа олгох болно. Жишээлбэл, хэрэв компанийн зорилго нь огцом шинэчлэлт өөрчлөлт, инновацилаг бүтээгдэхүүнтэй болох эсвэл хурдтай өсөлтөнд чиглэж байгаа бол OKR аргачлалыг ашиглах нь танд сорилт өндөртэй зорилтуудыг тавьж, инновацийг дэмжих уян хатан байдлыг хангах боломжийг олгоно. Нөгөөтэйгүүр, хэрэв компанийн зорилго нь тогтвортой өсөлтийг хангах, зах зээлд эзлэх хувийг бага зэрэг өсөлттэй байлгахад чиглэгдсэн бол Balanced Scorecard аргачлал нь өсөлтийг дэмжихийн зэрэгцээ, зорилтуудыг дээрээс нь доош нь чиглүүлж, компанийн зорилгод байгууллагын бүх түвшний оролцоог нэгтгэхэд тусалдаг тул энэ нөхцөлд илүү тохиромжтой..

 

Байгууллагын бүтэц, хэмжээ

Байгууллагын хэмжээний тухай ярихдаа зөвхөн өөрийн хөрөнгө, хөрөнгийн үнэ цэнийн тухай яриад зогсохгүй, ажиллах хүчний хэмжээ, тэдгээрийг янз бүрийн чиг үүрэгт хэрхэн хуваах талаар ойлгож болно. Хэрэв компани нь маш том шаталсан бүтэцтэй бөгөөд ажилтан бүр давтагддаг ажил үүрэгтэй байдаг, маш тодорхой, мэргэшсэн даалгавруудыг гүйцэтгэдэг бол үйл ажиллагааны энэхүү шинж чанарыг дэмжсэн тогтолцоог сонгох нь компани ажилтнууддаа ойлгомжтой байдлыг бий болгож, төвлөрлийг бий болгох боломжтой болно. Энэ зорилгын үүднээс авч үзвэл MBO аргачлал тохирох юм.

 

 

Сонголтын процесстоо дотоод оролцогч талуудыг оролцуулах

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Gallup фирмийн нийтлэснээр, оролцоо өндөртэй ажилтнууд илүү өндөр гүйцэтгэл гаргаж, байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах нь магадлалтай байдаг. Гэхдээ ажилтнууд хийж байгаа өдөр тутмын ажил нь байгууллагын алсын зорилготой уялдаж, байгууллагын гүйцэтгэлийн үр дүнд нөлөөлж чадаж байгаа эсэхээ мэдэрч чадсан үед л тэдний оролцоо өндөр байдаг байна.

Гүйцэтгэлийн удирдлагын сайн аргачлал нь үүнийг ажилтнуудад энэхүү нөхцлийг бүрдүүлж өгөх чадвартай байх ёстой. Ажилтнуудаас юуг хамгийн их үнэлдэг талаар асууж, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах нь өндөр оролцоотой байгууллагыг бүтээж, босоо саланги ажлын орчинг хязгаарлах болно. Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог албан хүчээр хэрэгжүүлэх ёсгүй, харин компанийн зорилго, хүний чадавхид нийцүүлэн тохируулах ёстой.

 

Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоогоо байнга шинэчлэх, сайжруулах

Стратегиа тогтмол эргэн харж, шинэчилдэгийн адилаар гүйцэтгэлийн удирдлагын аргачлалаа тогтмол шинэчилж сайжруулах ёстой бөгөөд тухайн байгууллагын дотор тогтсон, хэвшмэл ойлголт болгож болохгүй. Компанийн стратеги, хэмжээ, зах зээл өсч өөрчлөгдөхийн хэрээр гүйцэтгэлийн удирдлагын арга барилаа шинэчилж, сайжруулах шаардлагатай.

 

Мэдээллийн эх үүсвэр : Performance Magazine, KPI Institute